en

2018 оны 3-р сарын 15-16

Улаанбаатар хот

Чингис хаан зочид буудалд

Хурал

Mongolia Gold 2017” алтны салбарынхны хурал амжилттай болж өндөрлөлөө

Монгол Улс эдийн засгийн хямрал, санхүүгийн хүндрэлээс гарах нэг чухал гарц бол алтны олборлолтыг өсгөж, экспортоос эдийн засагт үзүүлэх өгөөжийг нэмэгдүүлэх явдал юм. Манай уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын 45 хувийг алтны компаниуд эзэлдэг. Алтны салбар дахь хөрөнгө оруулагчдын сонирхол ч нэмэгдэж байна. Энэ хэрээр алтны хайгуул, олборлолт, боловсруулалт, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалт гэх мэт үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж ирэх, хайгуул, олборлолт эзэмшигчид хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, санхүүгийн боломжуудыг эрэлхийлэх болсон.

Тиймээс “Монголын Уул Уурхайн Бирж”-ээс алтны салбарын хөрөнгө оруулагчдын “Монгол Алт 2017” чуулганыг энэ сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хуралд тус салбарын төрийн болон бизнесийн 20 гаруй илтгэл тавьж, 450 гаруй гадаад, дотоодын төлөөлөгч оролцов. Мөн энэ үеэр 27 компанийн техник, технологи, алтны төслийн үзэсгэлэн гаргасан бөгөөд үзэсгэлэнг 800 гаруй хүн үзэж сонирхжээ.

Чуулга уулзалтын банкны ивээн тэтгэгчээр Голомт банк, ивээн тэтгэгчээр “Монполимет групп” ХХК, “Вагнер Ази-Тоног Төхөөрөмж” ХХК-иуд тус тус ажиллажээ.

Нээлтийн ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Ганбат, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Д.Баатарцогт, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Цогтгэрэл нар оролцож, чуулганыг нээж үг хэлсэн юм.

УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Д.Ганбат хэлсэн үгэндээ “Энэхүү чуулганы зорилго алтны салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, тогтворжуулах, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдэхэд гарц хайх, алтны төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага солилцох, алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ түвшинд хүргэхэд чиглэгдэж байна” гэсэн юм.

Мөн АМГТГ-ын дарга Д.Баатарцогт “Монгол орны алт болон түүнтэй хам гарал бүхий ашигт малтмалын  судалгаанд үндэслэн тусгай зөвшөөрлийг эхний ээлжинд илүү түлхүү олгох ажлыг мэргэжлийн түвшинд зохион байгуулах ажлыг эхлүүлж байна. Өнөөдрийн байдлаар алтны чиглэлээр ашигт малтмалын ашиглалтын 542, алтны чиглэлээр хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа 1100 орчим тусгай зөвшөөрлийн талбайн үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөө бүртгэгдээд байна. Эдийн засгийн эргэлтэд ойрын хугацаанд оруулж болох боловч тодорхой нөхцөл байдалтай уялдан үйл ажиллагааг нь эрчимжүүлэх боломжтой гэж үзэж байгаа хэтийн төлөвтэй, нөөц бүхий талбайн судалгааг мөн нарийвчлан гаргаж байна. Энэ бүхний үр дүнд байгаль орчноо дээдэлсэн алтны үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт болон алтны нөөц нэмэгдэж, олборлолтын хэмжээ өснө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж байна.”

Монгол улсын Засгийн газраас “Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол баталсан. Энэ хүрээнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой гэж үзэж байгаа юм. Алт олборлогч ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, олборлосон алтыг худалдан авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа ба санхүүжилт авах ААН-үүдийн жагсаалтыг гаргах ажлыг энэ сарын 18-ны өдрөөр эцэслэсэн.

Үндэсний статистикийн хорооны 2015 оны мэдээгээр манай улсын алтны үйлдвэрлэл ДНБ-ий 2.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байна. Өнгөрсөн онд иргэд, ААН-үүд Монголбанкинд нийт 17.6 тонн алт тушаасан бөгөөд энэ онд хэмжээг өсгөх бодлого баримталж байна. Тиймээс алтны салбарынхан хуралдаж, асуудлаа хэлэлцсэн нь цаг үеэ олсон өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа болов.

Өнөөдрийн байдлаар Монголбанк 1гр алтыг 97.031 төгрөгөөр худалдан авч байна. Манай улс татварын хувьд тийм ч таатай бус орон. Тодруулбал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр одоогоор 2,5 хувь байгаа бол 2019 оноос 5 хувьд хүргэх, хэрэв олон улсын зах зээлд алтны үнэ өсвөл олборлогчид дахин 5 хувийн татвар төлөх зэрэг хуулийн заалттай. Гэхдээ манай Засгийн газар үүнийг мөрдөж эхлэх эсэхийг гадны хөрөнгө оруулагчид хэдийнэ сонирхон ажиглаж эхэлжээ.

Ер нь татварын орчныг хэрхэн шийдвэрлэх зэрэг хүчин зүйлүүдээс манай улсын алтны салбарын хөрөнгө оруулалтын цаашдын нөхцөл байдал хамаарна.

Голомт банкны Арилжааны хэлтсийн Нөөцийн удирдлагын газрын Диллер Г.Мөнх-Эрдэнийн “Алт үйлдвэрлэгчдэд зориулсан багц бүтээгдэхүүн” сэдэвт илтгэл нь хуралд оролцогчдын анхаарлыг ихээр татаж байлаа.

Мөн МIBG компанийн захирал А.Билгүүн өөрийн илтгэлдээ хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломжуудыг танилцуулсан. Тухайн компанийн талаарх мэдээллүүд хэдий чинээ ил тод нээлттэй байна, төдий чинээ төрийн болон ТББ-уудын шахалт, дарамтад орох нь буурдаг аж. Мөн хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох нь зардал багатай гэдэг нь буруу ойлголт гэдгийг тэрээр илтгэлдээ онцолж байлаа. Тухайлбал, Нью-Йорк, Торонто зэрэг олон улсын хөрөнгийн захуудад хувьцаа гаргахад нийт санхүүжилтийн дунджаар 10-15 хувь, эрсдэл өндөр төсөл бол 20-25 хувьтай тэнцэх зардлыг төсөл хэрэгжүүлэгч төлдөг байна. Түүний зөвлөснөөр Торонтогийн хөрөнгийн бирж дээрх компаниудын үнэлгээ бусдаас харьцангуй өндөр гэдгийг дуулгав.

Энэ мэтчилэн алтны салбар дахь асуудлаар олон илтгэл тавигдаж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэхийн зэрэгцээ ололт амжилтаа хуваалцаж, цаашид хэрэгжүүлэх боломжит гарц гаргалгааг эрэлхийлж, харилцан санал солилцлоо.

Ийнхүү “Mogolia Gold 2017” чуулганаар төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод зөвлөлдөж, хамтран ажиллах шийдлийг эрэлхийллээ. Тухайлбал, чуулганы үеэр Петровис компани “Алт-2” хөтөлбөрийг дэмжиж ажиллахаа илэрхийлэн УУХҮЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Уул уурхайн салбарт сүүлийн 2-3 жилд хуралдааны танхимд багтахгүй олон төлөөлөгч оролцсон чуулга уулзалт болж байсангүй. Харин “Монголын Уул Уурхайн Бирж” энэ л өдөр тус салбарынхныг цуглуулж, чуулган ч амжилттай, өрнөлтэй, үр дүнтэй болж өндөрлөлөө.

Ийнхүү хамтын ажиллагааг өрнүүлснээр алтны компаниудын өрсөлдөх чадвар дээшлэх төдийгүй улс орны эдийн засагт ч эерэг нөлөөтэй гэдэг нь эргэлзээгүй юм.

Зохион байгуулагч Монголын Уул Уурхайн Бирж /БРОШУР ТАТАХ/